The Sydney Morning Herald сонины сэтгүүлч Paula Joye-гийн бичсэн нийтлэл-ийг орчуулаад орууллаа. Сайхан зөвлөгөөнүүд байна.
![]() |
Жаклин Кеннеди “Олег Кассини”
өмсөөд
Энэтхэгийн нуур Пиколагаар аялж байгаа нь
|
Би өнгөрсөн долоо хоногт Carla Zampatti-гаас ярилцлага авсан юм. Тэрээр өөгүй цэвэрхэн хар комбинезон, марабу шувууны өдөөр хийсэн болеро, мушгирсан хэлбэртэй алтан бүс, хамба хилэн хавтгай ултай гутал өмссөн байлаа. Эмэгтэйлэг, даруулгатай, өө сэвгүй хувцаслалт нь түүнийг төгс төгөлдрийн илэрхийлэл болгосон байв. Үүрдийн хээнцэр дэгжиний үлгэр жишээ тэрээр надад нэг зүйлийг ойлгуулсан юм. Миний ярилцлага авч байсан стилист, топ модель, улс төрч гээд бүхий л загварлаг эмэгтэйчүүд хувцаслахдаа ойролцоо зарчмуудыг баримталдаг болохыг би тэр үед анзаарсан юм. Дараах 5-н хичээлийг бид загварлаг эмэгтэйчүүдээс суралцаж болох юм байна:
1.БАГА ТУСМАА САЙН

Сайн хувцаслалт эхлээд толгой дотор бий болдог бөгөөд дараа нь бие дээрээ туршиж үзэх хэрэгтэй байдаг. Цамцаа сольж үзэх, бугуйвчаа тайлаад үзэх зэргээр янз бүрээр туршиж үзэх нь загварлаг эмэгтэйчүүдийн ч бас хийдэг зүйл юм. Энэ жилийн Оскарын ёслол дээр Gwyneth даруулгатай хувцаслах тод жишээг харуулсан. Овоолсон үс, тод уруул, хүзүүний зүүлт, ээмэг аль алингүйгээр энгийн байдлаараа тэр гялалзаж байлаа. Дараа нь та өмссөн хувцсыг нь биш Gwyneth-ыг өөрийг нь л санах болно. Өдөр бүр л ингэж хувцаслахыг хичээх хэрэгтэй. Та маргааш туршаад үзээрэй: хувцсаа өмсөхөөсөө өмнө юу өмсөхөө төлөвлөж бодоод, дараа нь толиныхоо өмнө зогсоод ямар харагдаж байгааг нь шүүмжлэлтэй нүдээр хараарай. Юу илүүдэж байна вэ? Өмссөн зүйлсээс чинь ядаж нэг зүйлийг хасах боломжтой байдаг. Ганцхан зүйлийг хасахад ямар том өөрчлөлт орж болдгийг мэдрээд та гайхах болно.
2.ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ БОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭН

Jennifer Aniston бол өөрийгөө арчилж тордохын тод үлгэр жишээ юм. Тэрээр хэзээ ч гоо сайханчид очих цагаа цуцалдаггүй бөгөөд үргэлж чармайлт гаргаагүй мэт энгийн сайхан харагддаг. Загварлаг эмэгтэйчүүд хэзээ ч өөртөө арчилгаа хийх хэм хэмжээгээ бууруулдаггүй.
Жижиг деталиуд л хүнийг цэгцтэй хувцасласан харагдуулдаг. Та үсээ янзалсан (янзалсан гэдэгт угаагаад самнасан байхыг хэлж байна), хөмсгөө зассан, хумсаа будсан байхад л бусад нь цэгцэнд ороод ирнэ дээ. Та гайхалтай сайхан даашинз өмсчихөөд хууларсан будагтай юмуу хугарсан хумстай байвал яагаад ч гоё харагдахгүй. Тэр хэмжээний анхаарлыг хувцсандаа бас тавих хэрэгтэй. Халцархай гутал, хөвөрсөн ноосон цамц, сэмэрсэн хормойг хүлээн зөвшөөрч болохгүй. Гүйцэт байдал хамгийн чухал.
3.ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГА ХУРДАН ӨӨРЧЛӨГДДӨГ

Jackie Kennedy Onassis 30 жилийн турш сонгодог shift dress(бие барьдаггүй шулуун загварын даашинз)-ыг оёдол, хээ, аксессуараар нь өөрчилж шинэчлэн өмссөн байдаг. Жинхэнэ загварлаг эмэгтэйчүүд нь өөрөө өөртөө стилист байдаг бөгөөд загварын сэтгүүл хуулбарлах биш хувь хүний онцлогтоо тааруулж хувцсаа сонгодог. Өөрийн стильдээ итгэлтэй болох нь маш чухал бөгөөд энэ нь их эрх чөлөөг олгодог. Өөртөө юу зохидгийг мэдсэн байхад дахин эрэл хайгуул хийх хэрэггүй, жинхэнэ өөрийн гэсэн өвөрмөц төрхийг бий болгож чадна.
4. БИЕД ЯГ ТААРАХ НЬ БҮХНИЙГ ШИЙДНЭ

Стиль нь хувцасны хэмжээ биш биед хэрхэн сууж байгаагаас(суулт тохироо сайтай байхаас) хамаардаг. Хийц сайтай даашинз, пиджак нь таны гадаад байдлыг огцом өөрчлөх боломжтой. Adele-ийн Grammy дээр Giorgio Armani өмссөн байгааг хар даа.
Бүсгүйчүүд хайхрамжгүй байдлаасаа болж суулт тохироо муутай хувцас өмссөн байх нь дэндүү элбэг байдаг. Энэ нь хувцас худалдан авах дэг жаягаа өөрчлөх хэрэгтэйг илтгэж байна. Өөртөө хэт томдсон юмуу хэт багадсан хувцас худалдаж авахаа зогсоох хэрэгтэй. Өөрийн биеийн галбирыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, тэр галбираа засаж харагдуулах тал дээр ажиллаж эхлээрэй. Чанар болон хийцэд нь бага зэрэг анхаарал нэмж хандуулснаар эцсийн үр дүнг маш ихээр өөрчлөх боломжтой. Олон тохиромж муутай хувцастай байснаас цөөн чанартай хувцастай байх нь дээр шүү дээ.
5. ЗОРИГ БОЛ СТИЛЬ

Хамгийн сонгодог стильтэй хүмүүс ч заримдаа аз сорьж хувцасладаг. Сайхан хувцасладаг хүний нэг шинж бол тогтсон хэв шинжээс багахан зэрэг гажсан, этгээд хувцас өмсөх явдал байдаг. Үл ялиг жигтэй, санаанд оромгүй ганц зүйл л дүр төрхийг бүхэлд нь ТӨГС бөгөөд ОНЦГОЙ болгодог. Энгийн даруулгатай байна гэдэг нь уйтгартай байхын нэр биш юм шүү. Нэгэн Оскарын ёслол дээр Sharon Stone нөхрийнхөө цагаан цамцыг урт гоёлын юбкатай өмсөж байсныг санаж байна уу? Та тиймэрхүү маягаар сэтгэж сурах хэрэгтэй. Футболкаг алмаз эрдэнэтэй, жинсэн өмдийг сувдтай, пүүзийг костюмтай хослуулах зэргээр дүр төрхөө бүрдүүлэх шинэ арга замуудыг эрж хайгаарай.
interesting...
ReplyDelete