Wednesday, January 23, 2013

Body type буюу биеийн галбираа тодорхойлох

   Өөртөө тохирсон хувцсаа сонгож сурахын тулд өөрийн биеийн галбирын онцлогоо мэдэж авах нь хамгийн чухал болохыг хэн ч мэднэ. Тиймээс миний бие эмэгтэй хүний биеийн галбирын талаар жаал судалгаа хийж үзлээ. Эмэгтэй хүний биеийн галбирыг үндсэнд нь 4 ангилдаг юм байна.





1. ฺฺBanana(Rectangle) буюу баганан галбир нь цээж, таазны харьцаа нь ойролцоо бөгөөд бэлхүүс тодорч гараагүй хэлбэртэй байна. Ерөнхийдөө багана мэт шулуун галбирыг хэлнэ гэсэн үг.

2. Apple(Inverted triangle) буюу алиман галбир нь цээжин бие нь өргөн, таазаараа нарийн байна.

3. Pear(Triangle) буюу лийрэн галбир нь алиман галбирын эсрэг буюу цээжээрээ нарийн, таазаараа өргөн байна.

4. Hourglass буюу элсэн цаган галбир нь цээж, таазны харьцаа ижил боловч бэлхүүс нарийн тул элсэн цаг мэт хэлбэрийг үүсгэдэг байна.

Та аль ч биеийн галбиртай байлаа гэсэн биеийн дээд доод хэсгийн харьцаа буюу балансыг тохируулах нь чухал юм байна. Жишээ нь та алиман галбиртай бол цээжин хэсэгтээ анхаарал татахааргүй загвар сонгож, харин доод хэсэгтээ эзэлхүүн оруулахаар хөвсгөр, хуниас нугалаа ихтэй хувцас өмсвөл зохимжтой юм байна. Лийрэн галбиртай хүн үүний яг эсрэгийг хийх хэрэгтэй бол бананан галбиртай хүн аль болох бэлхүүсээ тодотгоход анхаарах хэрэгтэй юм байна. Үүний тулд бэлхүүсээрээ бүстэй, цээж болон таазан хэсэгтээ хуниа нугалаа ихтэй хувцас өмсөж болно. Харин та элсэн цаг шиг галбиртай бол өөрийгөө азтайд тооцож болох нь. Учир нь судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн маш бага хувь нь ийм галбиртай байдаг бөгөөд ихэнх бүсгүйчүүдийн мөрөөдлийн галбирыг та олоод төрчихсөн ажээ.

За ингээд галбир тус бүрээр ямар хувцас өмсөхөд зүйтэй талаар харцагаая:

1. Банана галбир - Хэрвээ та өөрийн энэ галбирт сэтгэл хангалуун байдаг бол түүнийгээ тодруулсан буюу тэгш өнцөгт хэлбэртэй хувцаснуудыг сонгож болно. Биеийн чинь хэлбэрийг дагасан босоо шулуун эсгүүртэй, бие бариагүй хувцаснууд нь биед ч эвтэй байдаг.

Мөн түүнчлэн бэлхүүсээ тодотгосон загваруудыг сонгосноор эмэгтэйлэг дүр төрхийг бий болгоно. Ингэхийн тулд цээжин хэсэг болон мөрөө том харагдуулах, мөн биеийн доод хэсгээ өргөсгөхөд анхаарах хэрэгтэй. Мөрөндөө өндөрлөгөөтэй цамц, дэрэвгэр загвартай хуниастай банзал өмсөх, биеэ ороосон зөрдөг энгэртэй даашинз/wrap dress/, бэлхүүсээрээ бүстэй даашинз өмсөх зэргээр бэлхүүс хэсгээ нарийн харагдуулаарай. Дараах хувцаснуудыг банана галбиртай хүмүүст зөвлөж байна:
 

Өмсөж болохгүй зүйлс:

  • хэт задгай энгэртэй хувцас
  • урт хүзүүний зүүлт
  • хэт бариу хувцас
  • хэлхгэр загвартай хувцас

 2.Алиман галбир - Та аль болох биеийн доод хэсгээ томруулж харагдуулахыг хичээх хэрэгтэй. Дэрэвгэр загвартай банзал, өргөн юмуу түрий рүүгээ өргөссөн өмд өмссөнөөр биеийн дээд доод хэсгийн харьцаа тэнцвэртэй харагдана . Цээжин хэсэгтээ бараан, доод хэсэгтээ цайвар өнгө сонговол зохино. Гурвалжин энгэртэй, өндөр мөргүй, элдэв детальгүй цамц сонгож байгаарай.

Өмсөж болохгүй зүйлс:

  • Том хэмжээтэй зах, ханцуй
  • Цээжин хэсэгтээ жижиг хээтэй хувцас
  • Бариу өмд
  • Шулуун банзал

3. Лийрэн галбир - Таны гол зорилго бол мөр, цээжин хэсгээ өргөн харагдуулах явдал юм. Тиймээс цээжин хэсэгтээ цайвар, тод өнгө сонгож, мөрний өргөлттэй, хөвсгөр ханцуйтай загваруудыг сонгоорой. Өргөн, мөр гарсан энгэртэй, эсвэл том захтай загварууд нь таныг өргөн мөртэй харагдуулна. Мөн мэдээж энгэртээ хуниас нугалаа ихтэй, эрээн алаг хээтэй хувцаснууд сонгож болох ба биеийн доод хэсэгтээ харин бараан, даруу загвар сонгохоо мартуузай. Харин өмд, банзалын хувьд бэлхүүс, таазан хэсэгтээ элдэв хуниасгүй, шулуун загвартайг сонгоорой. Дөрвөлжин хэлбэртэй, богино пиджак танд илүү зохино.


Өмсөж болохгүй зүйлс:

  • Босоо захтай/хоолойтой цамц зэрэг хүзүү далдалсан цамц
  • Доор бэлхүүстэй даашинз
  • Хонхон цэцэг хэлбэртэй банзал
  • Таазан хэсэгт хуниас нугалаа зэрэг элдэв деталь
  • Хэт бариу, хэт хэлхгэр, эсвэл навчин тамхи хэлбэртэй(шув шулуун) загвартай өмд

4. Элсэн цаг галбир - Энэ бол хамгийн харьцаа сайтай галбир тул та өнгө нь таарсан тохиолдолд бараг бүх загварын хувцсыг өмсөж болно.Өөрийн давуу тал болох нарийн бэлхүүс, таазны хэлбэрээ тодотгосон хувцас өмсөх нь илүү зөвлүүштэй байна.

Жүжгийн аястай хувцаснууд, төрөл бүрийн аксессуар, ээмэг зүүлтнүүд, сүүлийн үеийн загварын хувцаснуудыг туршиж үзэн хөгжилдөж болно. Та хувцас өмсөхдөө хэнээс ч илүү эрх чөлөөг эдэлж чадна.

Танд нэг анхаарах хэрэгтэй зүйл бол босоо чиглэлд биеийн харьцааг хадгалах. Хэрвээ та урт цээжтэй бол бэлхүүсний шугам өндөрт байрласан байх нь зохимжтой.

Өмсөж болохгүй зүйлс:

  • хэрвээ та том хөхтэй бол сул хэлхгэр, олон детальтай цамц
  • тэгш өнцөгт хэлбэртэй angular silhouettes
  • хэт хэлхгэр загвар(baggy clothes)


Нэмэлт мэдээлэл

Дараах линкээр орж биеийн галбираа тодорхойлоорой. 
http://www.calculator.net/body-type-calculator.html

Мөн доорх линкээр орвол галбир тогтоох тооцоолуур байгаагаас гадна таны галбирт ямар хувцас тохирох болон тохирох хувцсаа хаанаас авч болох талаар мэдээлэл орсон байна(гэхдээ гадаадын сайт тул гадаадын дэлгүүрүүдийн мэдээлэл байгаа шүү). 
http://www.shopyourshape.com/body-shapes.html

Эмэгтэй хүний биеийн галбирыг дээрх 4-с өөрөөр ангилах, илүү нарийвчлан олон төрөлд хуваасан тохиолдлууд ч байдаг юм байна. Тэдгээрийн талаар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкүүдээр орж аваарай:
http://www.whattowearhowtodress.com/how-to-dress-your-body-type/how-to-dress-your-rectangle-body/
http://trendsfashionandbeauty.com/2012/10/24/your-body-shape-is-spoon/

http://ohthatsyou.com/blog/2012/03/mfw-inspiration-for-your-body-type/
http://ohthatsyou.com/blog/2012/02/nyfw-inspiration-for-your-body-type/



No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****