Sunday, January 27, 2013

Мust have items (Суурь хувцаснууд)


Эмэгтэй хүнд зайлшгүй байх шаардлагатай зарим төрлийн хувцаснууд байдаг. Тэдгээр нь хувцаснуудын суурь болдог бөгөөд ямар ч стильтэйгээс үл хамааран эмэгтэй хүн бүрт байх ёстой тул MUST HAVE ITEMS буюу СУУРЬ ХУВЦАСНУУД гэж нэрлэгддэг. Суурь хувцаснууд нь доорх шаардлагуудыг хангасан байх ёстой:
  • Олон зүйлтэй тохирдог байх. Энэ нь суурь хувцаснуудын хамгийн чухал чанар юм. Тэр дундаа өнгөний хувьд бусадтайгаа зохицох нь чухал. Тиймээс нэг дан, завсрын өнгөтэй байвал зүгээр. Мөн олон төрлийн хувцаслалтад тохирох учиртай. Ж нь: нэг хүрэм нь юбкатай ч, брюкэн өмдтэй ч, жинстэй ч зохицож байвал сайн.
  • Чанартай байх. Суурь хувцаснууд нь хэн ч харсан нүнжигтэй харагдах ёстой. Чанартай байна гэдэг нь удаан эдлэгдэнэ гэсэн үг. Та тэднийгээ тогтмол, олон жил өмсөх тул худалдан авахдаа  бүү гар татаарай.
  • Сонгодог загвартай байх. Загварын хувьд хоцрогдохгүйг бодож хэт моод дагасан бус, сонгодог загвартайг сонгоорой.

Ихэнх суурь хувцаснууд нь хар өнгөтэй байдаг. Хар хувцас нь олон давуу талтай: Байнга өмссөн ч хүмүүс анзаарахгүй. Толбо болсон нь бараг анзаарагдахгүй. Ямар ч биеийн галбиртай, ямар ч хүнд аятайхан харагддаг. Тиймээс суурь нь хар байхад дээр нь ямар ч өнгө, хээ хуар нэмж гоёж болно. 

Жич: Энэхүү жагсаалт нь ажил хэрэгч эмэгтэйчүүдэд илүү хамаатай болохыг анхааруулъя.

  Бяцхан хар даашинз (Little Black Dress)

Та хувцасны түүхийн талаар урд өмнө нь сонирхож байсан бол “little black dress” буюу “бяцхан хар даашинз” гэсэн хэллэгийг сонсож байсан нь лавтай. Энэ бол алдарт загвар зохион бүтээгч Коко Шанелийн үүсгэсэн хэллэг бөгөөд эмэгтэй хүн бүрийн шүүгээнд нэг хар даашинз заавал байх ёстой гэж тэр үздэг байсан юм. Тэрхүү даашинз нь дур булаам бөгөөд “насанд хүрсэн” загвартай байх ёстой.
Сувдан зүүлт болон туфли нь 
бяцхан хар даашинзыг энгийн 
хирнээ чамин болгодог

Мөн чанартай хийгдсэн, бээлий мэт биед тохирсон байх ёстой. Таны биеийн өөг дарж, давуу талуудыг чинь тодруулсан байх ёстой. Түүнийг өдөр ч(өдөр ажилдаа задгай энгэртэй цамц юмуу хүрэм, сувдан зүүлт, арьсан туфлитэй хамт), орой ч (цамц юмуу хүрмээ тайлаад нүүрний будгаа нэмж, өөр ээмэг зүүлт, өндөр өсгийттэй хослуулан) өмсөж болно.  

Бяцхан хар даашинзаа сонгохдоо өөрийн галбирт тохирсон загвартайг, биедээ эвтэйг, өмссөн хойноо өөрөөрөө байж чадахаарыг сонгоорой. Ханцуйгүй, дөнгөж мөр давсан ханцуйтай, эсвэл хагас ханцуйтай байж болно, энгэр нь дурын хэлбэртэй, урт нь өвдгөөр татсан, өвдөг давсан, өвдөгнөөс бага зэрэг дээгүүр, эсвэл бүр мини байж ч болно. Бяцхан хар даашинз нь түгээмэл хирнээ онцлог байж болдог. Өөрийгөө гайхалтай харагдуулж чадахаар тэр даашинзандаа харамгүй хөрөнгө оруулалт хийвэл үр дүн нь харамсахааргүй байх болно.

Хар пиджак

Та хар хүрэм, хөх жинс өмссөн 
байхад хэзээ ч буруудахгүй 



 
Нэг хар хүрэм таны хувцасны цуглуулгын гол түлхүүр байж чадна. Учир нь хар өнгө ямар ч хувцастай зохицдог. Аксессуараа л өөрчилснөөр бүхэл дүр төрхөө өөрчилж чадна.
Хэдийгээр хүрэм нь онцгой үнэтэй байх албагүй ч биед чинь яг таарсан, галбирт чинь нийцсэн байх ёстой. Хэрвээ та өндөр харагдахыг хүсэж байгаа бол урт загвартайг сонгоорой.


Харин үзэсгэлэнтэй бэлхүүсээ тодотгохыг хүсэж байвал бэлхүүсээрээ бариу загвар сонгоорой. Мөн орчин үеийн загвартайг сонгохоо мартав аа. 80-аад оных шиг хэлхгэр загвартай, өндөр мөртэй загвараас зайлсхийх нь дээр.



Дан энгэртэй хүрмийг энгэрийг нь задгай болон товчилсон байдалтайгаар, даашинз, банзал, өмдний алин дээр ч өмсөж болно. 


Та хүрмээ өөрийхөөрөө өөрчлөхөөс битгий айгаарай. Шаардлага гарвал энгэрт нь дуртай энгэрийн зүүлтээ зүүж донж оруулж болно. Хар хүрэм нь уйтгартай байх албагүй.
   

Цагаан сорочкан цамц


Цэмцгэр, цагаан, товчилдог сорочкан цамц. Энэ бол ажил хэрэгч эмэгтэйн хамгийн сайн найз. Цагаан, товчилдог сорочка нь таны биед яг таарах ёстой. Анх харахад эрэгтэй хүнийхээс ялгаагүй мэт харагдаж болно. Гэвч эмэгтэй хүний биед тааруулан хийгдсэн тул таны биеийн давуу талуудыг тодруулж байх ёстой. Сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай:


·         Загвар:Үнэтэй сорочканууд нь илүү хээнцэр байдаг бөгөөд индүүдлэг шаарддаг. Хэрвээ та ганцыг л авах гэж байгаа бол арай хээнцэрийг сонгосон нь дээр, учир нь олон зүйлтэй тохирдог. Хэрвээ та бэлхүүс сайтай бол бариуг, үгүй бол шулуун хийцтэйг сонгоорой.
Хэрвээ та сорочкаа зөвхөн энгийн хувцаслалтанд өмсөх бол даруу загвартайг сонгоход гэмгүй. Ийм сорочкаг жинсэн дээр, эсвэл усны хувцсан дээр зангидсан байдлаар өмсөж болох жишээтэй. Тэдгээр нь энгийн загвартай бөгөөд индүүдлэг шаарддаггүй.   
·         Материал: хээнцэр ч бай, энгийн ч бай цагаан сорочка нь ихэвчлэн хөвөн даавуугаар хийгдсэн байдаг. Хэрвээ таны боломж зөвшөөрвөл самнасан хөвөн даавуу(маш зөөлөн, илүү үнэтэй төрөл)-г сонгоорой, энэ нь урт ширхэгттэй байдаг тул бат бөх бөгөөд илүү гоёмсог харагддаг.
Ажил хэрэгч сорочкууд нь оксфорд сүлжээсээр хийгдсэн байх нь түгээмэл байдаг. Ийм хөвөн даавуу нь хэдийгээр биед эвтэйхэн байдаг ч эдэлгээ муутай, зах, ханцуй орчимдоо бөөсрөх хандлагатай байдаг. Хөвөн даавуугаар хийсэн цэмбэ(broadcloth) нь илүү бат бөх, бохирдохдоо удаан байдаг.   
·         Бүтэц: Цамцны зах нь нүдний түвшинд байдаг, хамгийн түрүүнд нүдэнд өртдөг тул цэвэр оёгдсон эсэхийг анхаараарай. Эмэгтэй сорочканы зах нь цамцан дээрээ дарагдаж товчлогддоггүй тул захны материал нь үрчлээгүй, зах нь зөв хэвтсэн байгаа эсэхийг хянаарай.

Хар брюкэн өмд

Чанар сайтай, урдаа хуниасгүй, хар өнгөтэй брюкэн өмд нь таны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй. Хуниаснаас татгалзвал дээр, учир нь ихэнх хүнд өмдний урд дээд хэсгийг тодруулах шаардлагагүй байдаг. Хэрвээ та нэг брюк авах гэж байгаа бол уртыг нь байнга өмсдөг гутлынхаа өсгийнд тохируулж сонгоорой. Бүх улиралд өмсөхөө бодож нимгэн ноосон даавууныг сонговол зохимжтой. 


Хэрэв та дахиад нэгийг авах гэж байгаа бол зааны ясан цагаан өнгийг сонгохыг зөвлөж байна. Ийм өнгийг өвөл ч өмсөж болдог. Өвөл цагаан өнгө өмсөх нь бараан өдрүүдийг сэргээх шинэлэг өөрчлөлт болдог бөгөөд таныг өөрийн гэсэн стильтэй, түүнийгээ харуулах зоригтой болохыг илтгэнэ.

 Өвдөгний урттай хар юбка

Хар юбка, задгай энгэртэй цамцны 
хослол нь үргэлж дэгжин бөгөөд 
сонгодог байж чаддаг 


Эмэгтэй хүн бүр өөртөө яг таарсан, гуалиг харагдуулах, өвдөг хүрсэн хар юбкатай байх хэрэгтэй. Загварыг нь өөртөө тохируулан сонгоорой: бие барисан ч, дэрэвгэр хормойтой ч байж болно. Бүх улиралд таарахыг бодож нимгэн ноосон материалтайг сонгоорой. 



 

 

 

 

Сонгодог загвартай трэнч цув (Trench coat)

 

Сонгодог тренч нь хэзээ ч моодноос гардаггүй бөгөөд бараг бүх улиралд өмсөж болдог тул суурь хувцасны тоонд ордог. Та сонгодог загвартайг нь авбал маш олон жил өмсөж чадна. Тренч цув сонгохдоо доорх зүйлсийг бодолцоорой: 


·         Цув нь мөрөөрөө яг таарсан байх ёстой. Та цуван дотроо живчихмээргүй байгаа биз дээ. Та хувцсаа өмсөх хэрэгтэй болохоос хувцсандаа өмсөгдөж болохгүй шүү. 
·         Загвар болон урт нь хүссэн төрхийг чинь гаргадаг байх ёстой. Бэлхүүсээрээ бариу эсвэл сул загвартай байхын аль нэгийг сонгоорой. Бүстэй тренч цув нь бэлхүүсийг тодруулж, мөр болон цувны ерөнхий хэмжээг томруулж өгдөг. Хэрвээ цуваа даашинз, банзалтай өмсөх гэж байгаа бол цувны урт нь илүү байх хэрэгтэй. Харин зөвхөн өмд, жинстэй өмсөх бол богино тренч сонгож болно. 
·         Цув чинь нүсэр байхааргүйг сонгоорой. Та жижгэвтэр биетэй бол арай энгийн загвартайг, өөрөөр хэлбэл халаас, зах, товч зэрэгтээ хэт их чимэглэлгүйг, мөн дан энгэртэйг сонговол дээр. Харин өндөр нуруутай бол сонгодог загварын давхар энгэртэйг сонгож болно.

Хар савхин цүнх

Хар савхин цүнхийг хаана ч барьж болдог: ажилд, өдрийн хоолонд, оройн хоолонд, тэр бүү хэл амралтын өдөр дэлгүүр хэсэхэд ч. Бүх хувцастай тохирдог тул ямар ч өнгийн, ямар ч хээтэй хувцсан дээр барьж болно. Хэмжээний хувьд дунд зэргийн, шаардлагатай зүйлсээ багтаахуйц хирнээ оройн хоолонд авч явах хэрэг гарсан тохиолдолд эвгүй харагдахгүйн тулд хэт том биш байхаар сонгоорой.

Чанартай хөх жинс

Таныг дур булаам, цэмцгэр харагдуулж, мөн тавтай байлгах тийм л жинс. Мэдээж сүүлийн үеийн загвартай, таны давуу талуудыг тодруулсан байх ёстой. Хэрвээ та: 

·         Сайхан хөлтэй бол бие барьсаныг,
·         Бэлхүүсэндээ анхаарал татмааргүй байгаа бол трапез хэлбэртэйг,
·         Сайхан бэлхүүстэй, түүндээ анхаарал татмаар байвал өндөр суудалтайг сонгоорой.
 
Хэрвээ та ганц жинс авах гэж байгаа бол бараан өнгөтэйг сонгоорой. Таныг гуалиг харагдуулахаас гадна олон хувцастай зохицдог. Бараан жинсыг өдөр тутам, орой гоёлд ч өмсөж болдог. 

Хар туфли

Хар туфли нь юутай ч зохицохоос гадна бохирдох нь бага, мөн өдөр оройн алинд ч өмсөж болдог. Хэрвээ ганцыг авах бол арай дэгжин загвартайг сонгоорой. Гутлыг гоёлын болгож харагдуулахаас илүү энгийн болгож харагдуулах нь амар байдаг. 


Гутал авахдаа хөлд эвтэй байдлыг чухалчлаарай! Яваандаа хэвших байх гэж бодох хэрэггүй. Гутал бусад хувцсыг бодвол арай үнэтэй байдаг тул мөнгө зарахдаа бэлтгэлтэй байж, яг таарсан гутлаа сонгоорой. 

Цагаан ба хар задгай энгэртэй ноосон цамц (cardigan)


Задгай энгэртэй ноосон цамц нь цаг агаар ямар байхыг мэдэхгүй үед, эсвэл зуны халуун өдөр хэт хүйтэн агааржуулалттай өрөөнд ороход аминд ордог шүү дээ. Хэрвээ халууцвал мөрөн дээрээ тохох юмуу хүзүүгээрээ зангидаж орхиорой.  

Санхүү чинь зөвшөөрвөл нимгэн ноолууран кардиган сонгоорой. Эсвэл чанартай хөвөн даавуу ч адил үр дүнг үзүүлнэ.

Сувдан хослол

Сувдан зүүлт зөвхөн эмээ нарт зориулагдаагүй
Сувдан хослол ямар ч хувцсанд гайхалтай чимэг болдог. Сувд нь оффисын хувцаслалт болон ажил хэргийн уулзалт зэрэгт төгс зохицдог. Мэдээж жинхэнэ сувд үнэтэй байдаг тул та эмээгээсээ зээлж чадахаар бол азтай хэрэг шүү! Үгүй бол хиймэл сувд ч хэрэглэж болно. Зохицуулах л чухал. 

Сувд нь зөвхөн сонгодог стилиэр хувцасладаг хүмүүст зориулагдаагүй. Сувдыг янз бүрээр зүүж болно, урт сувдан зүүлтийг чөлөөт хувцастай зүүж болдог.  



 

 

 

Алмазан шигтгээтэй дугуй юмуу дөрвөлжин хэлбэртэй ээмэг

Та болж өгвөл ээмэггүй явах хэрэггүй, харин алмазан ээмэг нь бүх хувцастай зохицдог. Хэрэв та ажилдаа костюмтай яваад орой нь жинс, нимгэн цамцтай гарах гэж байгаа бол шигтгээтэй ээмэг төгс чимэг болно. Таныг ганган харагдуулахаас гадна ямар ч хувцастай зохицно. 


Жинхэнэ алмаз авч чадахгүй байна уу? Санаа зоволтгүй. Дөрвөлжин хэлбэртэй циркон шигтгээтэй ээмэг хангалттай.


1 comment:

  1. Хувцас загварыг дүрэмчилж үнэхээр болохгүй юм даа. Анх энэ бичлэгийг оруулж байхдаа үнэхээр л хэрэгтэй мэдээлэл байна гэж бодож байсан санагдана. Тэр үеэс хойш би ажлын байраа өөрчилснөөс үүдээд миний хувцасны сонголтууд ч их өөр болсон бололтой. Сая эргээд харсан чинь дээр дурдсан хувцаснуудаас би нэгийг ч өөрөө өмсдөггүй болохоо мэдлээ. Дээрх мэдээлэл магадгүй нэлээн олон жилийн өмнөх мэдээлэл бөгөөд, цэвэр ажил хэрэгч хувцасладаг хүмүүст тохирч мэдэх юм. Харин миний хувьд өөрийнхөө Must have items-ийг жагсаавал тэс өөр жагсаалт гарах нь ээ. Тиймээс дээрх жагсаалтыг орчин үеийн байдлаар, өөрийн сонирхолтойгоо уялдуулан шинэчилж гаргамаар санагдлаа. Энийг уншсан хүмүүс бас өөрсдийн жагсаалтаа танилцуулвал баярлах болно шүү!

    ReplyDelete

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****