Энэ удаад миний байнгын ажиглалтын бай болоод байгаа өнгөний зохицлын тухай бичихээр шийдлээ. Хувцас загварын ертөнц байнгын хувьсал өөрчлөлтөнд оршдог ч зарим нэг зүйлс хэзээ ч хуучирдаггүй нь гайхалтай. Жишээ болгож би дараах өнгө, загварын хослолуудыг дурдмаар санагдлаа.
1. Хар цагааны хослол - Энэ хослол бусад хослолуудаас хамгийн сонгодог, хэзээ ч хуучирдаггүй гэдэгтэй маргалтгүй биз ээ. Ямар ч насны, ямар ч стильтэй хүн, ямар ч үед энэ хослолыг өмсөж болдог.
2. Бараан өнгө ба тод өнгө - Энэ миний хамгийн дуртай хослолуудын нэг. Ялангуяа ихэнх хувцсаа хараар сонгож нэг тод ороолт, цүнх зэргээр донж оруулах нь энгийн хирнээ загварлаг харагдуулдаг. Саарал хувцаснууд өмсөөд тод аксессуар зүүх нь мөн адил үйлчилгээтэй. Доорх зургуудаас нэг зүйл ажиглагдаж байна: тод өнгийг дор хаяж 2 газар оруулвал хоорондоо зохицоод илүү дэгжин харагдуулах юм байна.
3. Бор, шаргал өнгөний хослолууд - сүүлийн үед миний хувцасны шүүгээнд ийм өнгө ихэссэн нь юуных юм болоо? Нас явж байгаагийн шинж юм болов уу? :-) Ямар ч байсан дунд насныханд илүү тохиромжтой өнгө юм шиг байгаамаа.
4. Pastel colors буюу бүх өнгөний цайвар, бүдэгрүүлсэн хувилбар өнгөнүүд. Тэдгээр өнгөнүүдийг хооронд нь хослуулахад гайхалтай эмэгтэйлэг, цэмцгэр, хөнгөн, зуны дүр төрх бий болдог. Гэхдээ өвөл ч тэдгээр өнгүүдийг өмсөх дуртай хүмүүс байдаг. Нэг дутагдалтай тал нь /миний ажигласнаар/ энэ хослол нь цайвар арьстай хүнд илүү зохимжтой байдаг.
Үүн дээр нэмээд тоо томшгүй олон боломжууд байдаг тул жагсаалтаа ингээд дуусгая. Хувцас загварын ертөнц ийм баялагтаа л сонирхолтой байдаг биз ээ!
Нэмж хэлэхэд хар, цагаан, жинсний цэнхэр өнгө, бор зэрэг завсрын өнгөнүүд нь юутай ч тохирдог тул дурын хослолуудад нэмж оруулахад болдог юм байна лээ шүү.
Жишээ болгож жинсийг ямар хувцаснуудтай хослуулсныг харъя л даа:
Эцэст нь бас нэг зүйлийг хэлэхгүй байж болохгүй нь. Аксессуар тод байх гоё шүү! Эсвэл нэг тод хувцас өмсөөд тэрэнтэйгээ хослох аксессуар зүүчихвэл чика чика!!
No comments:
Post a Comment
***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****