Wednesday, November 21, 2012

Зөвлөмжүүд ~~ Та дэгжин болохоор шийдсэн бол


Wendy Nguyen
Имижээ өөрчилж дэгжин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн бүсгүй танд дараах зөвлөгөөнүүдийг хүргэе:
-          Өөрийн давуу талуудыг тодруул – аль хэсгээ тодотгож аль хэсгээ нуух хэрэгтэйгээ хувцас сонгохдоо үргэлж бодож байгаарай.
-          Өөрт тохирсон хэмжээтэй, биед чинь яг таарсан хувцсыг сонгож байгаарай.
-          Өөрт зохидог загварын хувцсаа мэддэг байхаас гадна үргэлж шинийг турших зоригтой бай.
-          Хувцаслалтандаа сонирхолтой болгох ямар нэг зүйлийг орууларай (тийм зүйл ганц байсан ч хангалттай, хэт олон сонирхолтой зүйл "хэт хичээсэн" дүр төрхийг үүсгэж болзошгүй).
-          Ямар үйл явдалд зориулж хувцаслаж байгаагаа үргэлж бодож хувцасла.
-          Хэрвээ эргэлзэж байвал энгийн хувцаслалтыг сонгоорой.
-          Хэн нэгэн хүнд таалагдахгүй байгаа хувцсаа тоохгүй орхих хэрэггүй - хэрвээ чамд үнэхээр таалагдаж байгаа бол чамд зохих магадлал өндөр байдаг.
-          Бусдаас ялгарахын тулд өөр өөр чиг хандлагын хувцас авахаас илүү "илэрхийлэл өндөртэй" /statement item/онцлог нэг хувцсаар өөрийгөө илэрхийлээрэй.
-          Зарим тохиолдлуудад зориулаад урьдчилан хэдэн хувцас бэлдсэн байх хэрэгтэй. Тэгвэл цаг нь болоход шүүгээгээ ухаж төнхөх, таалагдахгүй хувцастайгаа явах шаардлагагүй болно. 
-          Хувцаслалтандаа 1-2 аксессуар нэмж байгаарай. Тэдгээр нь хямд замаар өвөрмөц стиль бүрдүүлэх сайхан арга юм.
-          Сайн чанартай гутал бол зайлшгүй хэрэгцээ. Хувийн стиль болон өмсөж байгаа хувцсандаа таарсан гутал сонгоорой.
-          Хэтрүүлж болохгүй. Жишээ нь бүх хувцсаа барын эрээн өнгөөр сонгох хэрэггүй.
-          Зоригтой, өвөрмөц байхыг хичээ. Хэрвээ чамд барын эрээн өнгө таалагддаг бол эхлээд тийм өнгөтэй обруч зүүгээд үз. Сонирхолтой хослолуудыг туршаад үз.
-          Нэгээс илүү жинсэн өмдтэй болоорой: гоёлд өмсөх, энгийн үеийнх, салхинд гарахад өмсөх, гэртээ өмсөх г.м. Юу өмсөхөө мэдэхээ больсон үед жинс аминд ордог. Жинсээ дурын цамцтай өмсөөд хөөрхөн гутал углаад бүс зүүчихэд л гараад өгнө дөө.
-          Түрүү жилүүдийн загваруудыг хооронд нь хольж хослуулж үзээрэй.
-          Хар өнгийн өмд болон жинс бол зайлшгүй хэрэгцээ!
-          Хувцаснууд чинь хоорондоо сайн зохицдог байх хэрэгтэй. Анх хувцас худалдаж авахдаа л үүнийг бодож байж аваарай.
-          Заримдаа тооноос чанарыг чухалчлах нь дээр байдаг. Чанар муутай 2 хувцас авахынхаа оронд чанартай нэгийг авчих нь ашигтай тусдаг.
-          Өөрийн дуртай зүйлсээ л сонго. Жишээ нь, хэрвээ чи “преппи”(1950-аад онд америкт их сургуулийн чинээлэг залуусын дунд дэлгэрсэн стиль) стильтэй болохыг хүсэж байвал поло цамц зайлшгүй хэрэгтэй. Өмссөн хувцаснаасаа таашаал авах л хамгийн чухал.
-          Царайны өнгөнөөсөө хэт бараан өнгийн нүүр будалт хийх хэрэггүй. Царайг чинь халтар мэт, эсвэл царай муутай харагдуулна.
-          Хумсны будаг хувцастайгаа тохирох огт албагүй.
-          Их ганган хувцас өмсөж байгаа бол үсээ тэрэндээ тааруулж ганган, өвөрмөцөөр засуулаарай.
-          Хэт их арьсаа гаргах хэрэггүй (энгэр юмуу ар нь хэт онгорхой байх г.м). Эс тэгвэл чамайг юу өмсөж байгаагаа тоодоггүй хүн гэж хүлээж авна.
-          Хүзүүний зүүлт, аксессуараа сонгохдоо өмссөн хувцастайгаа өнгө дагуу, эсвэл загварын хувьд нийцсэнийг сонгоорой.


Дээрх зөвлөгөөнүүдийг интернэтээс авч орууллаа. Өөрт хэрэгтэй гэснээ авч хэрэгжүүлээрэй. Харин би хувиасаа хэдэн зөвлөгөө нэммээр санагдав. 

Миний бие өөрөө дэгжин хувцаслах арга ухаанд сүүлд суралцсаны хувьд (өөрийгөө тодорхой хэмжээнд туршлагатай болсон гэж үзээд туршлагаасаа хуваалцаж байна :-) хэрхэн ажиглалт хийж, өөртөө тохирох зөв хувцсыг олж, хэрхэн хооронд нь зохицуулж сурсанаа хуваалцъя. 


1.                  Хамгийн эхний ээлжинд өөрийн биеийн онцлогоо сайн мэдэж авах хэрэгтэй юм билээ. Ө.х. өөрийн бие дэх дутагдалтай болон давуу талуудыг мэдээд, тэрэндээ тохируулж хувцсаа сонгож байх хэрэгтэй. Хэт махлаг, хэт туранхай бол яаж хувцаслах, харвин, дугуй хөлөө яаж далдлах гээд аргууд байдаг даа. Бас давуу чанаруудаа илүү тодотгож хувцаслах нь зүйтэй.

2.                  Дараа нь аль нь гоё муухайг ялгаж суртлаа нэлээн ажиглалт, судалгаа хийх хэрэгтэй. Дээр бичсэнээр "өөрт чинь л таалагдаж байвал, чамд зохих магадлал өндөр байна" гэсэнтэй би яг үнэндээ санал нэгдэхгүй байгаа. Учир нь миний таньдаг зарим хүмүүс хувцас худалдаж авахдаа миний зөвлөснийг бус өөрт таалагдсанаа авчихаад дараа нь буруу сонголт хийснээ хүлээн зөвшөөрдөг. Тэр хүний хувьд хангалттай ажиглалт, судалгаа хийгээгүйнх гэж би боддог. Хүн бүр гоо сайхны өндөр мэдрэмжтэй төрдөггүй, харин тэрийгээ хөгжүүлж болдог. Тиймээс би таныг ажиглалт судалгаа хий гэдгээрээ дараах зүйлсийг хий гэж зөвлөж байгаа юм:
-    Өөртэйгөө ойролцоо насны, өөртөө таалагддаг стильтэй хүмүүсийг ажигла, тэднээс туршлага судал. Тэр нь ойрын хүн байхаас гадна алдартай хүн ч байж болно. Миний хувьд нэг тийм найз байлаа, бас Jennifer Aniston-ы хувцаслалт их таалагддаг байсан тул үлгэр дууриал авдаг байлаа. Мөн өөртэйгөө ижил галбиртай алдартныг олж аваад дууриал авч болох юм. Жишээ нь миний хувьд Gwyneth Paltrow-с жишээ авч болох юм билээ. (Гэснээс Gwyneth Paltrow-ийг People сэтгүүлээс 2012 оны шилдэг хувцасладаг эмэгтэйгээр тодруулсан байна лээ, тэр талаар эндээс уншаарай). Сайн ажиглаж судлах тусам “нүд нээгддэг” юм билээ шүү үнэхээр!
-    Дараагийн ээлжинд жаахан онолын мэдлэг хэрэгтэй. Хувцсанд хэлбэр хэмжээ, загвараас гадна өнгө их чухал. Өнгөний тухай судалж аль өнгөнүүд хоорондоо нийцдэг болон нийцдэггүй, арьсны өнгөнд чинь аль өнгөнүүд илүү тохирдогийг судлаарай. Нийтлэг жишээ хэлэхэд цагаан шар арьстай хүнд бор өнгө гайхалтай зохидог байхад бор арьстай хүнд огт зохидоггүй, харин цэнхэр, саарал, хар, цагаан өнгүүд, мөн зарим тод өнгүүд зохидог. Хүн бүрийн арьс дор бүрдээ өөр өөр тул нарийн ялгаж зааглах хэцүү. Тиймээс та яг өөрийн арьсны өнгөнд тохирох өнгүүдийг мэдэж аваарай. Хувцас сонгох үед тэр өнгүүд дээрээ л төвлөрөөрэй.
-    Дээр бичсэн ажиглалт судалгааг хийх тусам таны нүд улам хурц болж, өөртөө зохих, загварлаг дэгжин, чанартай хувцсыг хараад л мэддэг болоод ирнэ. Дээр хэлсэн ажиглалтыг гэхдээ зөвхөн нүдээр харах биш бас биеэр туршиж үзэж байж үр дүн гарна аа. Биеэр турших гэдэгт дэлгүүрүүдээр явж янз бүрийн хувцаснууд өмсөж үзэх, хооронд нь эвлүүлж барьж болон өмсөж туршихыг хэллээ. 

3.                  Ажиглалт судалгаа хангалттай сайн хийсэн бол одоо wardrobe буюу шүүгэн дэх хувцаснуудаа шинэчлэх цаг иржээ. Хуучин хувцаснууддаа эхлээд сайн ангилалт хийгээрэй. Өөрт чинь зохихгүй, таарахгүй байгаа хувцаснуудаа шууд "учрыг нь олоорой" :-) Тэгээд Wardrobe essentials буюу хамгийн энгийн суурь болдог хувцаснуудаа цуглуулъя.  Эмэгтэй хүнд зайлшгүй байх хэрэгтэй хувцаснууд буюу MUST HAVE ITEMS гэж байдаг даа. Энэ нь хүн бүрт өөр өөр байж болох ч нийтлэг хэдэн хувцас бий. Жишээ нь хамгийн сонгодог нь little black dress буюу ямар ч үед өмсчиж болохоор хар даашинз байна. Мөн оффис ажилтай бол хар өмд, юбка, свитер, цагаан сорочка бол зайлшгүй биз? Энгийн хувцсанд бол мэдээж нэг зохисон жинс хэрэгтэй. (Мust have items-ийн талаар тусад нь нэг бичлэг оруулсан байгааг эндээс уншаарай.)

4.                   Энгийн суурь хувцаснуудаа бэлдсэний дараа жинхэнэ өөрийн онцлог байдлаа илэрхийлэхүйц өвөрмөц загвартай хувцаснуудаа сонгоорой. Өвөрмөц гэдэг нь заавал этгээд гэсэн үг биш шүү дээ. Жижигхэн ч гэсэн сонирхолтой деталь орсон байхад л хувцас өвөрмөц харагдаж болдог. Хувцас нь өөрөө өвөрмөц байхаас гадна энгийн хувцаснуудыг санаанд оромгүйгээр хослуулах замаар бас өвөрмөц төрх үүсгэж болно. Өнгөөр тоглосон ч болно. Сонирхолтой өнгөний хослол нь бас таныг бусдаас өөр, дэгжин харагдуулж чадна. Тэгж хослуулахын тулд бас л нөгөө ажиглалт туршилт хийгээд олж авсан туршлага чинь тус болно. 
За тэгээд хувцаслалтаа анхаараад эхэлсэн хүн аяндаа мэдрэмж нь сайжраад, тэрэндээ урамшаад, улам цог золбоотой, эрч хүчтэй болоод ирнэ дээ. Эмэгтэй хүн болж төрснийх гоо сайхнаа мэдэрч, түүнийгээ гайхуулж, өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхацгаая

За энэ удаадаа дуусгая даа. Нэмж хэлмээр зүйлс байгаа ч "үг олдож үхэр холдох нь"..:-))

Цаашид ч зөвлөгөө, санаа бодлуудаа бичиж байх болохоор блогтой маань хамт байгаарай  :-)

 



No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****