Thursday, December 4, 2014

Шинэ жилийн даашинзаа сонгоход туслах 7 зөвлөгөө


Шинэ жилийн уур амьсгал ид орж байгаа энэ үед бүсгүйчүүд бидний толгойд шинэ жилийн даашинз эргэлдэхгүй байж болно гэж үү? Би ч бас даашинзаа сонгоогүй байгаа тул хамтдаа сонгоцгооё :-)
Жилийн хамгийн сүүлийн, хамгийн цоглог энэ баяртаа төгс харагдуулах даашинз сонгоно гэдэг амаргүй ажил. Өөрийн сонирхол, галбиртаа нийцэх өнгө, загварыг сонгохоос гадна үдэшлэгний онцлогийг хүртэл тусгах шаардлагатай болдог шүү дээ.

За ингээд ажилдаа орцгооё!

Юуны өмнө энд дурдагдах даашинзны хэлбэрүүдийг танилцуулъя. Зарим нь монголоор нэрлэж хэвшээгүй тул англи нэртэй нь хамт орууллаа.

1.Өөрт тохирсон силуэт, хэлбэрийг олоорой

Төгс даашинзаа олохын тулд биеийн галбиртаа тааруулахыг чухалчлахаас биш сүүлийн үеийн тренд(загварын чиг хандлага)-д баригдах хэрэггүй. Таныг хамгийн үзэсгэлэнтэй, тав тухтай байлгах загварыг л сонгож чадвал та өөртөө итгэлтэй, дур булаам, тансаг харагдаж чадна. Биеийн галбир бүрт тохирох силуэтүүдийг энэ хүснэгтээс хараарай. (Жич: Силуэт гэдэг нь хувцасны ерөнхий гадаад  хэлбэр дүрсийг хэлнэ)


Биеийн галбир

Болно

Болохгүй

Махлаг “Биетэй”(сул, унжсан материалаар хийгээгүй) даашинз. Урт даашинзны хормой нь доогуураа дэрэвгэр бол галбирлаг, нарийн хөлтэй харагдуулна Шулуун силуэттэй, shift даашинз сонгох хэрэггүй
Жирэмсэн Дугуйрсан бүтэцтэй хуниастай даашинз сонгоорой, биеийн галбираа гаргахаас бүү айгаарай Гэдсээ нуух гэж хичээх хэрэггүй, тэгвэл бүтэн биеэрээ тарган харагдах болно
Тамирчны эсвэл туранхай галбиртай Хуниас, бүс зэргийг ашиглан галбир гаргах хэрэгтэй Хүзүүтэй, эсвэл дөрвөлжин захтай даашинз хэрэггүй
Жижиг хөхтэй Хатуу цээживч бүхий мөрөвчгүй даашинз; shift даашинз, эсвэл мини tunic даашинз Хүзүүнээсээ бүчтэй даашинз (halter dress) цээжинд анхаарал татдаг тул тохиромжгүй
Том хөхтэй Хүзүүнээсээ бүчтэй даашинз (halter dress), цамцан даашинз, эсвэл тэгш өнцөгт цээживч гэх мэт хөхний хэлбэрийг засдаг загваруудыг сонгоорой Хангалттай араг яс (boning) суулгаж тогтворжуулаагүй бол мөрөвчгүй даашинз өмсөх хэрэггүй
Том өгзөгтэй Дэрэвгэр хормойтой, эсвэл ташуу эсгэлттэй, “хатан хааны” хэлбэртэй  даашинз(empire dress) сонгоорой Бие барьсан, богино хормойтой даашинзаас татгалзаарай
Өргөн бэлхүүстэй Бүстэй цамцан даашинз Shift даашинз болон шулуун хэлбэртэй ямар ч даашинз
 
Орчин үеийн загварын ертөнцийн уян хатан, олон төрлийн сонголт дундаас та галбиртаа таарсан даашинзыг олохыг тийм ч хэцүү биш болсон шүү. 

2. Даашинз чинь байрандаа тогтож чадна гэсэн итгэлтэй үедээ л мөрөвчгүй загварыг сонгоорой

Мөрөвчгүй даашинзаа үдшийн турш дээш өргөж явах шиг тав тухгүй зүйл гэж үгүй биз ээ. Том хөхтэй бүсгүйчүүд энэ сонголтоос татгалзах нь дээр, эсвэл бэлхүүсээрээ сайн барьсан, тогтвортой байх хэрэгтэй. Араг яс (boning) суулгасан байх, мөрөвчгүй хөхөвч зүүх зэргээр бүх зүйл байрандаа байх боломжийг бүрэн хангах хэрэгтэй.

3. Саа, гялбааг хэтрүүлж хэрэггүй

Хувцасны чинь зарим хэсэгт саа, пластик чимэглэлтэй байх нь танд өнгө гялбаа нэмж  илүү шинэ жилийн уур амьсгалтай болгодог ч хэтрүүлээд хэрэггүй л болов уу. Та гацуур мод шигээ харагдахыг үнэхээр хүсэж байна гэж үү?

4. Үдшийн турш тухтай байх даашинзыг сонгоорой

Шинэ жилийн үдэшлэг ихэвчлэн олон цагаар үргэлжилж, та ихэвчлэн босоо байж бүжиглэнэ гэдгээ бодолцоорой. тиймээс даашинз чинь биед эвтэй, хөдлөхөд саадгүй байх ёстой. Тэглээ гээд дур булаам, тансаг байдлыг гаргуунд гаргаж болохгүй тул аль аль талыг бодох ёстой. Ийм боломжийг жишээ нь shift загварын мини даашинз олгоно. мөн тав тух давамгайлсан хирнээ загварлаг байдлаа алддаггүй гэвэл tunic даашинзууд, “хатан хааны” empire waist даашинзууд, мөн A хэлбэрийн даашинзууд орно.

5. Оролцох гэж байгаа үдэшлэгнийхээ Dress Code-г мэдэж аваарай

Шинэ жилийн үдэшлэгүүд олон төрлийнх байдаг болсон: улаан, цагаан гэх мэт өнгө дагнасан, эсвэл бүжигтэй, үзвэртэй гм.... Үдэшлэгнийхээ уур амьсгал, онцлог, түвшнээс хамаарч даашинзны урт, өнгөө тааруулах хэрэгтэй болдог. 

6. Эхлээд гутлаа сонгох нь дээр байж болно

Үдшийн турш бүжиглэхэд чинь саад болохооргүй, гоёмсог туфлиэ сонгосныхоо дараа түүндээ таарсан даашинзыг сонгох нь илүү зөв байж мэднэ шүү.

7. Тренд дагаж зохиогүй өнгө сонгов оо

Шар өнгө энэ улирлын тренд байлаа гээд бүх эмэгтэйчүүд шар даашинз өмсөх нь утгагүй биз дээ? Хүн бүрийн арьсны өнгөнд тохирох, тохирохгүй өнгө гэж байдаг тул тэрийгээ бодож өнгөө сонгоорой. Мөн шинэ жилийн онцлох өнгөнүүд болох улаан, ногоон өнгийг ашигламаар байвал яг өөрт тохирох туяаг нь сонгон хэрэглэж болно.


Таны сонголтонд нэмэр болгож…

2013 оны намар/өвлийн загварын шоуны үеэр дараах 8 төрлийн даашинз тренд болж байсан гэнэ шүү. Үлгэрийн гүнжид хувираад, эсвэл 1920-оод оны загвараар “Агуу Гэтсби” кинон дээрх шиг рэтро стилийг туршаад үзвэл яадаг юм?


1920-оод оны сэргэлт
“Агуу Гэтсби” кино гарсанаар 1920-оод оны шулуун шугамуудтай, бэлхүүс гараагүй shift даашинзнууд, дүүрэн шигтгээтэй тансаг загваруудыг эргэн дуудсан билээ. 


Гялалзсан, алтлаг
Шинэ жилийн үдшээр л гялалзаж гялтганахгүй бол өөр хэзээ, хаана? Энэ жил хуруу хумсаа сайн гялалзуулвал аз жаргал ирнэ гэж загварын зурхайд буусан байна лээ шүү :-P

 



Өвлийн цэцгэн хээ
Хүйтний улиралд ч цэцгэн хээ хүчтэй хэвээрээ гэнэ шүү. Эмэгтэй хүн, цэцэг хоёр мөнхийн холбоотой гэж би эс хэллүү?


 





 Ягаан
Энэ улирлын өнгө бол Ягаан! Мэдээж улаан дарсны өнгө, гүн хөх, гичний шар өнгө гээд дэгжин өнгөнүүдийг мартаж болохгүй ч та сарнайн ягаан өнгөнд дуртай, хацрын ягаантай чинь хосолж дур булаам төрхийг чинь нэмдэг л бол аль нэг ягаан өнгийг сонгоход алдахгүй ээ!

Тод ягаан өнгийг сонговол материал нь зөөлөн байх хэрэгтэй. 




Барокко
Цагаан захтай, торон юмуу хатгамал оруулгатай Барокко стиль Dolce & Gabbana-гийн 2013 оны намар өвлийн шоунаас эхлэн хүчээ авчээ. Энэ тансаг, алтлаг стиль нь Италийн сүм дуганы сонгодог гоо үзэсгэлэнг сануулах мэт. 



Дөрвөлжин хээтэй даавуу - Тартан
Шотландаас гаралтай дөрвөлжин хээтэй тартан даавуу нь хүйтний улиралд дулаан мэдрэмжийг төрүүлдэг төдийгүй дэгжин харагддаг болохыг Chanel түрүү жил Шотландад хийсэн шоуны үеэрээ харуулсан билээ.


Энэхүү материал нь дангаараа хээнцэр харагдаж чадахгүй тул шифон материалтай хослуулж болох юм.
      





Энэ тартан хээтэй даашинз чинь харин хэнтэй ч давхцахгүй, өвөрмөц сонголт юм биш үү??
(Түрүү жилээс моодонд орсон тартан хээний тухай тусдаа бичлэг оруулмаар санагдав)

За бүсгүйчүүддээ амжилт хүсье, үдшийн хатан хаан, хайртынхаа тэнгэрийн илч нь байгаарай!!

Бусад эх сурвалжаас мэдээлэл авмаар байвал дараах линкээр ороорой:
1. Шинэ жилийн гоёлдоо санаа авах 12 тренд
2. Хамгийн загварлаг одод цугласан үдэш
3. Бүсгүй таныг төгс харагдуулах даашинзны трэнд
4. ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗАА ХАМТДАА ХИЙЦГЭЭЕ




No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****