Monday, December 29, 2014

Хувцсаа ашиглан гоолиг харагдацгаая

Мэдээж дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмээр турах нь хамгийн эрүүл арга гэдгийг хүн бүр мэддэг ч хэрэгжүүлэхэд тийм амар биш байдаг. Тиймээс илүү гоолиг харагдахыг хүссэн эмэгтэй хүн бүр доорх аргуудыг ашиглан богино хугацаанд дүр төрхөө өөрчлөөрэй.


Галбиржуулагч хувцсанд хөрөнгө оруулах

Сүүлийн үед алдаршиж байгаа Spanx зэрэг брендийн галбиржуулагч хувцаснууд нь биеийн өө сэвийг дарахын хажуугаар тав тухтай байлгаж чаддаг. Бариу, нимгэн материалтай хувцсан дотуур өмсөхөд түүн шиг сайн туслагч үгүй. Гаднаа ил оёдолгүйг нь сонговол гаднаасаа мэдэгдэхгүй бүр аятайхан.


Хувцасны уртын талаар хичээлд суугаарай

Хувцасны хормой хаа хүрсэн байхаас маш их зүйл шалтгаалдаг. 

Жинсэн өмд бол хар өнгөтэй бөгөөд яг шагайгаар татсан юмуу 2-4 см давсан урттай байхад болно. Өмдөө өндөр өсгийт, хагас түрийтэй гутал, эсвэл нам ултай гуталтай өмсөж болно.

Брюкэн өмд ч мөн адил бараан өнгөтэй(хар юмуу хар хөх) бөгөөд хуниас нугалаагүй, бага зэрэг өргөссөн түрийтэй байхад зүгээр.

Юбканы хувьд, өвдөгний урттай бариу юбка болон өвдөгний дөнгөж дээгүүр урттай А хэлбэрийн юбка нь хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр юм. Илүү үр дүнд хүрэхийн тулд өвөлдөө гэрэлтдэггүй хар трикотой өмсвөл ямар ч хэлбэрийн хөлийг илүү урт, нарийн харагдуулна. 


Намхан зулагтай гутал өмс

Гутлын зулаг гэдэг нь хөлийн урд хэсгийг бүрхсэн хэсэг бөгөөд зулаг нь намхан гэхээр зөвхөн хөлийн хуруунуудыг халхалсан, өндөр гэхээр дээшилсээр шагай хүртэл халхалсан байна гэсэн үг.
Зулаг нь намхан байх тусмаа хөлийг урт, нарийн харагдуулдаг. Гуталны өсгийн хувьд 5 см болон түүнээс дээш өндөртэй нь биеийг дээш өргөснөөр хувцасны суултад сайнаар нөлөөлж, бие илүү гоолиг харагддаг. Туфлийн хоншоор нь бага зэрэг шовх, өсгий нь нарийн байх тусмаа сайн. Эс тэгвээс шагайндаа өргөн оломтой, дөрвөлжин юмуу дугуй хоншоортой, өргөн паравгар хэлбэртэй гутал нь улам богино, бүдүүн дүр төрхийг үүсгэнэ.
 

Суулт, суулт, суулт
Та галбирлаг харагдахын тулд таны бүх хувцас биед чинь яв цав таардаг байх ёстой. (Өөртөө таарсан хувцас олоход хэцүү байдаг бол сайн оёдолчинтой болж аваад насан туршийн найзууд болохыг зөвлөж байна :) Бариу жинс, брюкэн өмд чинь хэт богинодоогүй биз? Пиджак, хүрэмний хувьд оёдол, эсгүүр нь биеийн галбирыг чинь дагаж сайхан суусан, мөрний өргөнд чинь таарсан байх хэрэгтэй. Ханцуйн урт нь бугуйтай зэрэгцэж байх ёстой.


Урт юбканд гар татах хэрэггүй

Махлаг эмэгтэйчүүдэд газар шүргэсэн юбка, даашинз тохирохгүй гэсэн хуучны "загварын дүрэм" байдаг ч энэ нь буруу болох нь батлагдсан. Харин ч цэвэр хийцтэй урт юбка нь биеийг уртасгаж, гоолиг харагдуулах үйлчилгээтэй.



Цулгайг сонговол босоо чиглэлтэй шугам үүсэж, биеийг урт харагдуулна(өтгөн хуниастай, том халаастай, зузаан бөгөөд уян бүслүүртэй, эсвэл хэт олон давхар хувцаснаас зайлсхийгээрэй).  Дээд хэсэгтээ бариу хувцас сонгоорой, цамцныхаа хормойг юбкан дотуураа хийгээд богино савхин хүрэм өмсөх юмуу бараан өнгөтэй, хийц сайтай сорочкан цамцтай өмсөж болно. Хэт их даавуун дунд живчихгүйг л хичээх хэрэгтэй.

Хормой нь хичнээн ч урт байж болно, бүдэрч унаад байхааргүй л бол. Доор нь өндөр өсгийт өмсөөрэй, намхан гутал NO шүү!


Дан хараар хувцасла
Нэг өнгөөр дагнан хувцаслах нь гоолиг харагдах эртний аргуудын нэг бөгөөд их ч үр дүнтэй юм. Энэ нь мөн босоо шугам үүсгэдэг. Хэдийгээр дан хараар хувцаслах нь хамгийн үр дүнтэй бөгөөд дэгжин сонголт боловч бусад бараан өнгөнүүд ч "ажлаа сайн хийдэг". Нэг өнгөөр дагнахад анхаарах зүйл нь бүх хувцсаа хийц сайтайг сонгох, мөн цагаан цайвар өнгөнүүдийг сонгохгүй байх явдал юм. 

Өндөр суудалтай өмдөнд ЗА гэж хэлцгээе

Өндөр суудалтай өмд, юбканууд нь муу нэртэй байдаг ч биеийн доод хэсгийг уртасгаснаар таныг илүү гоолиг болгож харагдуулна. Хамгийн сайн галбир оруулагч нь өндөр суудалтай, бариу загвартай, хар юмуу бараан өнгөтэй, жаахан суналттай жинсэн өмд юм.

Богиноссон цээжин хэсгээ тодруулж харуулах зорилгоор хийц сайтай сорочкаг хормойгоор нь өмдөндөө хийж өмсөх юмуу богино урттай цамц(бага зэрэг гэдэс гарсан байж болно) өмсөөрэй. Хэтэрхий өндөр бэлхүүсний шугамтай, товчилдог энгэртэй, эсвэл сунадаг бүслүүртэй хувцас сонгох хэрэггүй. Харин хүйснээсээ жаахан дээгүүр бэлхүүсний шугамтай, цахилгаантай хувцас сонгоорой.

Босоо судлыг ашигла


Хуучны шалгарсан аргуудын нэг болох босоо судлууд. Бонусад нь яг одоо босоо, хөндлөн судлууд моод болоод байгаа тул сонголт ихтэй байгаа. 

Судалны тухай ярихад хөндлөн судал хүнийг тарган харагдуулдаг гэдэг. Гэтэл бараан жинсэн дээр Бретон судалтай цамц өмсөх нь ямар ч эмэгтэй хүнд зохидог. Ер нь донжийг нь тааруулж чадвал хөндлөн судлаас айх хэрэггүй болохыг дараах жишээнүүд харуулж байна. Моодноос хоцрохыг хүсэхгүй дараах жишээг аваарай:
 







Нарийн бүс бүслэ


Гоолиг харагдахын тулд даашинз, туник цамцаа нарийн бүсээр зангидаарай. Өргөн бүс бол биеийг чинь 2 хэсэгт хувааж пагдгар харагдуулна. Өвлийн улиралд махлаг охидуудын хэрэглэдэг арга бол барын эрээн зэрэг сонирхолтой хээтэй, өргөн загварын пальтог нарийн бүсээр бүсэлж өмсөх арга байдаг. 

 
 
Асуудалтай хэсгээ л халхал

Хэрвээ та дан хараар хувцаслахыг хүсэхгүй байвал зөвхөн асуудалтай хэсгээ л бараан өнгөөр халхлаарай. Хөлөндөө дургүй хирнээ цээжин хэсэгтээ сэтгэл хангалуун байдаг уу? Тэгвэл суулт тохироо сайтай хар өмд юмуу юбка өмсөөд дээр нь тод өнгийн цамц өмсөөрэй. Өргөн гар, гуяаа далдалмаар байвал хийц сайтай хар пиджак өмсөөд доор нь тод өнгөтэй шорт, юбка өмсөж болно. 




Шинэ хөхөвч аваарай

Эмэгтэйчүүдийн 80-с илүү хувь нь өөрт тохироогүй хэмжээтэй хөхөвч зүүдэг гэдэгийг та мэдэх үү? Энэ үнэн бөгөөд хэт том хөхөвч зүүснээр хөх чинь унжиж, биеийг чинь ерөнхийд нь том харагдуулдаг. Бүсэлхий болон хөхний хооронд зохих хэмжээний зай байгаа тохиолдолд бие нарийн харагддаг. Мэргэжлийн хүний тусламжтайгаар өөрт тохирох хэмжээний дотуур хувцсаа олж аваарай. 


Арьс борлуулагч

Багахан зэргийн гялаан арьс гоолиг харагдахад маш их нөлөөтэй. Арьсыг борлуулж харагдуулах цацдаг будгийг хөл, гар, мөр, хүзүүндээ түрхсэнээр хэдэн кг-аар туранхай харагдаж чадна. Хацар, дух, хамрын хоёр хажуугаараа бор тенээр сүүдэртүүлэх нь мөн адил үйлчилгээтэй. 

Төөрөгдүүлэгч даашинз

Нэрнээсээ л ойлгомжтой, харсан хүний харцыг төөрөгдүүлэх энэ загвар нь бүсэлхийг нарийсгаж, мөр ташааг арай өргөн харагдуулснаар галбир сайтай харагдуулна. Ийм даашинз таныг хэзээ ч гонсойлгохгүй.






Одууд энэ аргыг ямар их сонирхдог болох нь харагдаж байгаа биз?
 

 Зөрсөн энгэртэй даашинз



 

Бүсэлхийн хэсгээ тодотгоход сонгодог зөрсөн энгэртэй даашинзаас илүү зүйл үгүй. Хэвлийн хэсэг хичнээн ч том байсан зөрсөн энгэрээс үүссэн хуниасанд халхлагдаад харагддаггүй бөгөөд бүсэлхий чинь агшиж харагддаг. Ингэснээс галбирлаг, төгс сайхан биеийг бий болдог. Жирэмсэн эмэгтэйчүүдийн нэгдүгээр сонголтонд энэ загвар ордог. Мөн төрсний дараах биеийн дутагдлыг ч сайн далдалж өгдөг.


 




No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****