Sunday, January 11, 2015

Энэ өвөл бид юу өмсөх ёстой вэ?

Загварлаг, дэгжин байх нь өөрийн гэсэн стильтэй болохын нэр болохоос сүүлийн үеийн моод хөөх хэрэггүй ээ гэж бүгд л зөвлөдөг. Би ч тэгж бичиж байсан. Гэхдээ л тухайн жилдээ юу моод(сүүлийн үед ярих болсноор "тренд") болж байгааг мэдэж байхад илүүдэхгүй ээ.


Стильдээ үнэнч гээд яг л нэг хэв загвараар хувцаслаад байх нь бас уйтгартай. Сүүлийн үеийн трендүүдээс өөрийн стильд нийцсэнийг нь сонгоод хэрэглэвэл таныг цаг үетэйгээ хөл нийлүүлдэг, идэвхтэй нэгэн гэж бизнесын хамтрагч, эсвэл шинэхэн болзоот залуу чинь үнэлэх ч юм билүү. Ер нь өмссөн хувцас чинь таны хэн болохыг илэрхийлж байдаг. Та өөрийнхөө давуу талуудыг аль болох тодоор илэрхийлэхийг хүсэж байгаа биз дээ?

За ингээд энэ өвөл юу тренд болж байгааг харцгаая.

1. 60-аад оны хэмнэл. 60-аад он маш эрч хүчтэйгээр эргэн ирж байна. Мини юбка, трапез хэлбэрийн богино даашинз, график хээ, тод өнгө гээд тэр үеийг санагдуулам деталиуд загварын тайзууд дээр эгнэсэн байлаа.

2. Ноосон "далай". Манайх шиг хүйтэн оронд ноосон эдлэл бол жил бүрийн л тренд байдаг гэлтэй. 2014 онд дизайнерууд ноосон эдлэлийг дэлхийн бүх хүнд өмсгөхийг хүсчээ. Бүр бүх биеэ ороосон, хэлхийсэн тусмаа сайн аж.

3. Үслэг "хашгираан". Үслэг эдлэл ч бидний дотны анд байдаг. Харин энэ улиралд тод өнгөтэй, хурц загвартай үслэг эдлэлээр гангарвал та жинхэнэ fashionista болж чадах нь ээ. (Мэдэхгүй хүмүүст нь тайлбарлахад fashionista гэдэг нь ерөнхийдөө хувцас загварын мэдрэмж өндөртэй, трендийг шингээн авч загварлаг хувцасладаг эмэгтэйчүүдийг нэрлэсэн орчин үеийн шинэ хэллэг юм)


4. Хоёр дахь арьс. Энэ улиралд дизайнерууд дуу нэгтэйгээр хонины нэхийг моодонд оруулахаар "шийджээ". Урьд хожид байгаагүйгээр "гангарсан" хонины нэхий эдлэлүүд бусад ямар ч амьтны арьснаас илүүтэйгээр тайзан дээгүүр алхжээ.
Дээрх шиг үслэг талыг нь ил гаргасан байдал ч элбэг байна. Манайд нээрээ иймэрхүү дээлнүүд янз бүрээрээ зарагдах болсон байна лээ шүү. Хальт харвал булган шуба ч юм шиг, бас дулаахан болохоор моодноос гарна гэж айлтгүй аваад өмсчихмөөр санагдсан шүү. Нэг иймэрхүү дээлнүүд гадуур их байгаа даа:



5. XXL пальто. Манайхан хувцасны L, M, S гэсэн хэмжээнүүдтэй хэдий нь танил болсон байхаа. Тэгвэл XXL буюу хэт том хэмжээтэй пальто таныг үнэн "моодный" бүсгүй харагдуулна гэнэ шүү, энэ өвөл(хавар). Загварын акулуудын санал болгосныг харцгаая:

 Харин одууд болон загварын блогчид энэ трендийг хэрхэн өөртөө шингээж вэ?:


Ким Кардашиан онцгой таатай хүлээж авсан бололтой
 

6. Маргад ногоон. Гүн, өтгөн ногоон өнгө таныг улам дур булаам харагдуулахаар 'зориг шулууджээ'. Загварын тайзууд, улаан хивс болон бусад арга хэмжээнүүд дээр энэ өнгө хамгийн ихээр үзэгдсэн байна.


7. Универсаль пүүз. Хэдийгээр цөөн хэдэн дизайнерын дэвшүүлсэн санаа боловч цаашид дэлгэрч магадгүй тренд тул сонирхуулах үүднээс жагсаалтдаа орууллаа. Пүүз спорт хувцаснаас хальж өдөр тутмын хэрэглээ болоод удаж байгаа, гэхдээ ажил хэрэгч хувцастай хослодог болтлоо явна гэж хэн санах билээ?!




Chanel-ийн 2014 оны намрын коллекц дан пүүзээс бүрдсэн байсан нь гайхалтай. Пүүзийг бүр түрийтэй болгоод тавичихаж!

Дэгжин харагдахад өндөр өсгийтийн хэрэг үгүй болжээ! Энэ гайхалтай мэдээ биш гэж үү?

Сонирхуулахад эрчүүд ч ингэж өмсдөг болоод удаж байгаан байна шүү. Энэ сэдвээр тусад нь бичлэг оруулнаа ер нь!



No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****